top of page
2020 office zurag small.jpg

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ ОЮУН УХААНЫ ЗҮГ РҮҮ БАТТАЙ ЭРГЭЛЭЭ . . . 

 
ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ 

Sep 05, 2023 |  Админ

  • XX зуунд монголын боловсрол бүхэлдээ мэдлэгт суурилсан бөгөөд мэдээ цээжлүүлдэг технологитой байв. Түүнийг манай багш нар сайн мэднэ, бас муугүй чадна. Сурагчид маань бас үүнд сүрхий дасжээ. Одоо хүртэл үргэлжилсээр л байна. Харин XXI зууны боловсрол нь чадварын боловсрол болсон бөгөөд оюун ухаанд суурилж, суралцагсдын IQ-г хөгжүүлж, Сэтгэх чадварт сургаж, суралцах чадварыг нь бэхжүүлнэ. Боловсролын байдал төрх ингэж өөрчлөгдсөн талаар сүүлийн 30 жил та бид байнга хэлж, уриалан сануулж, клубүүдээр ажиллаж байлаа. Үүнийг БШУЯ эрхбиш хүлээн зөвшөөрч, Сэтгэх Чадварын олимпиадыг зохион байгуулж, манай үйл ажиллагаанд боломжийнхоо хэрээр дэмжлэг үзүүлж өдий хүрсэн.​

 

 

 

 

 

 

  • Монгол улсын оюуны чадварын IQ төв, Монгол улсын билиг авьяастай суралцагчийн нийгэмлэг, Монголын ирээдүй судлалын нийгэмлэгээс хамтран ЕБС-ийн захирал, багш, сурагч, эцэг эхчүүдэд хандаж “Суралцахуйд суралцъя” уриалга гаргаад даруй 5 жил болжээ. Өнгөрсөн жилүүдэд НҮБ, Юнеско болон олон улсын байгууллагуудаас монголын боловсролын одоогийн төлөв байдлыг нэлээд гүн судалж, монголчууд бидэнд зөвлөгөө ирүүлж, бас бодитой тусламж үзүүлсэн төдийгүй одоо л боловсролоо олон улсын жишиг рүү шилжүүлэхгүй бол оройтлоо хэмээн сануулж анхааруулсан. Монгол улсын засгийн газар энэ мэтийн зөвлөгөө анхааруулгыг хүлээн авсаар байгаагийн нэг жишээ нь, БШУ-ны сайдын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн А/540 тушаалаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг “Суралцах чадвар”-ын шалгалтын тогтолцоонд шилжүүлсэн явдал юм. 

  • 2024 оноос эхлэн ЭЕШ нь “Суралцах чадвар”-ын шалгалт болно. Ингэснээр манай боловсролын шалгалт  өндөр хөгжилтэй орнуудын ерөнхий жишиг рүү адилсан шилжих юм. Тэд урагшаа явж байхад бид баруун хойшоо явах аваас бид л улам хохирно, учир гэвэл тэд биднээс улам холдоно. Иймд олон улсын жишиг рүү орохоос өөр замгүй. Өндөр хөгжилтэй орнуудад “Суралцах чадвар”-ын шалгалтыг SAT гэнэ. АНУ-н нэр хүндтэй том их сургуульд суралцахыг хүсвэл SAT шалгалтыг заавал өгдөг. Манай олон залуус SAT-г гайгүй өгч, гадаад руу явсаар байна.

  • Суралцах чадвар нь оюуны чадварын голд байдаг бүлэг чадвар юм. Тэрээр орчин үеийн хүний эзэмших ёстой хамгийн чухал, хамгийн ирээдүйлэг чадвар болой. XXI зуунд “Суралцах чадвар”-т суралцаагүй хүнийг боловсролгүй хүн гэнэ.

  • IQ илтгэцүүр нь ажил дээр амжилт гаргахыг урьдчилан хэлж чадах энгийн бөгөөд маш чухал үзүүлэлт мөн. Туршилт болон олон удаагийн судалгаагаар SAT-н үр дүн ба оюуны цараа IQ илтгэцүүрийн хооронд шууд хамааралтай байгааг тогтоожээ. Иймд орчин үед IQ илтгэцүүр хэмээхдээ “Суралцах чадвар”-ыг ойлгоно. Тэр нь ч зөв юм.

 

 

 

 

 

  • БШУ-ны сайдын А/540 тушаал гарснаар монголын боловсрол ОЮУНЫ ЧАДВАР-ын зүг рүү  эргэлээ. Монголын боловсролын ирээдүй нь оюун ухаан болов. Оюун ухаан яривал “Суралцах чадвар”-ыг түшнэ, суралцах чадвар нь өөрөө Оюуны хөгжил-IQ, Сэтгэх чадвар-TS, Суралцахуйд сурах-LL гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

 

 

 

 

  • Суралцах чадвар нь гойд БҮТЭЭЛЧ шинжтэй байдаг. Ийм ч учраас эдүгээ суралцах чадварыг илүүтэй анхаарч байна. Би өндөр IQ-тэй хэмээн хийрхэх, хамт олноосоо тасрах, орчноосоо суралцахгүй байх зэрэг нь тухайн хүний суралцах чадвар сул байгааг харуулдаг. Бидэнд хий хоосон ярьдаг, цээжилдэг бус, хийдэг бүтээдэг хүн хэрэгтэй байна. Багш нар оюун ухаан чухал гэж хоосон ярих бус, ядаж оюуны хөгжлийн нэг цагийн хичээл заадаг байх нь чухал юм. 

  • Монголчууд оюун ухааныг дээдэлж, билиг оюун, мэргэн ухааныг туг сүлдээ болгосон гайхалтай сайхан уламжлалтай ард түмэн билээ. Харамсалтай нь олон зуун жилийн он цагийн талхинд орж, буулгад дөрлүүлснээр монгол төр маань энэ эрхэм сайхан чанараа мартсан (хүчээр мартуулсан) байв. Гэвч тэр хэцүү цаг ард хоцорлоо. Монгол төр сэрж, үндэсний боловсрол оюун ухааны зүг рүү баттай эргэснээр манай ард түмэн сэргэж хөгжих зам руугаа гарах үүд нээгдлээ.

  • Монголын боловсролыг суралцах чадварын зүг рүү буюу өргөн утгаараа оюуны чадвар луу бүхэлд нь эргүүлэх ажил амар хялбар байгаагүй. Энэ бол НҮБ, ЮНЕСКО болон бусад олон улсын байгууллагууд, БШУЯ, түүний харьяа газар, төв, хүрээлэн, бас Монгол улсын Оюуны чадварын IQ төвийн олон жилийн шургуу үйл ажиллагааны үр дүн мөн. Бид 20 гаруй жил хамтран зүтгэж байж монголын боловсролыг оюун ухааны зүг рүү эргүүллээ. Бид ялав. Энэ том ялалтыг авчрахад IQ төвтэй хамтран ажилласан та нартаа талархсанаа илэрхийлж, баяр хүргэе.

  • Оюуны өрсөлдөөн та бидний амьдрал ахуйд улам бүр хүчтэй нөлөөлж байгаа нь илт мэдрэгдэх боллоо. Энэ нь боловсрол гэх хүлгийн жолоог оюун ухаан, суралцах чадварын зүг рүү эргүүлэхэд хүргэсэн суурь дэвсгэр нь юм. Өөр зам, өөр арга байхгүй ээ. Зүтгэх зүг чиг маань нэгэнтээ зөв болсон тул одоо хүчээ нэгтгээд зүтгээд л, бүтээгээд л, урагшлаад л байх ганц зам үлдлээ. Одоо монголчууд бид бусдад найдаж, бусдыг дагаж, бусдаар дөрлүүлэх бус, өөрөө өөртөө найдаж, өөрсдөө зүтгэж, өрөөл бусадтай өрсөлдөж амьдрах цаг.

  • Монголын боловсролыг өөрчлөн байгуулах их ажил одоо л эхэлнэ. Энэхүү өөрчлөн байгуулалтыг та бид л хошуучлан хэрэгжүүлнэ. Учир нь та бидэнд туршлага байна, тэмүүлэл, чадвар мэдлэг бий. Бид хамтран зүтгэдэг давуу талтай билээ. Монгол орон, Монголын боловсрол бүхэлдээ та биднийг харж, хүлээж байна. Та бид дээд тэнгэрээс ийм заяатай төржээ. Бид чадна. Одтой төрсөн та нартаа 2023-2024 оны хичээлийн жилдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
     

2018, 2019 онд Дэлхийн банк, Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын хөгжлийн газраас явуулсан судалгаагаар “Сэтгэн бодохуй” дугуйланд хамрагдсан сурагчдын сэтгэл ханамж 75% байна.

Энэ бол  тун өндөр ханамж.

2024 оноос ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд дээд боловсрол эзэмшихийг хүсэж буй бүх элсэгч SAT буюу суралцах чадварын шалгалтыг заавал өгөхөөр боллоо.

"Оюун ухааны орчин үеийн тодорхойлолт нь

суралцах чадвар болоод байна."
                                                   Профессор Жон Антонакис
                                                              Швейцарь, Лозанны их сургуулийн

Их сэтгэгч А.Эйнштэйн “Сурагчдынхаа суралцах чадварыг хөгжүүлдэггүй сургууль нь сургууль биш” гэж анхааруулжээ.

Суралцах чадвар гойд бүтээлч шинжтэй байдаг.

"Суралцах ерөнхий чадварыг шалгадаг SAT нь тухайн хүний оюуны чадварын илтгэцүүр IQ-г тодруулдаг болох нь харагдана."

bottom of page