top of page
20YEAR.png

20 жил ОЛОЛТ АМЖИЛТ, ЗОРИЛГО ЗОРИЛТ

 
ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ 

Sep 01, 2020  |  Админ

  • Сурагч багачуудын оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад зориулсан 12 түвшний хичээлүүдийг сурах бичиг, дагалдах үнэлгээ, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, багшийн арга зүйн номуудын хамт цогцоор нь боловсруулан, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хүргэн хэрэгжүүлж байна. Цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс агуулгын шинэчлэлийг тогтмол гүйцэтгэж, багш нарт зориулсан сургалт, цахим хичээлүүдийг тасралтгүй хүргэж байна.

  • Оюун ухааныг эрхэмлэн дээдлэх үзлийг дэлгэрүүлж, төрөлхийн өндөр оюуны чадвартай (IQ) хүнийг тодруулж өргөмжлөх, билиг авьяастай хүүхдүүдийг оношлох үйл ажиллагааг хэрэгжүүлж ирэв.

  • IQ гэдэг нэр томьёо монголчуудын дунд нэвтэрч, оюун ухаан, оюунлаг гэж ойлгогддог танил үг болжээ. IQ-г “оюуны бяд” гэж орчуулж, “ай кью” гэж галиглан бичиж байна.    

  • Оюун ухаан, сэтгэх чадварын чиглэлээрх дэлхийн шилдэг 50 гаруй ном, бүтээлүүдийг орчуулан нийтэд хүргэжээ. 

  • Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS хичээлд жил ЕБС-ийн 1000 гаруй зорилтот бүлгийн сурагчдыг үнэ төлбөргүй хамруулдаг. 

  • 2003 оноос эхлэн “Сэтгэх чадварын улсын олимпиад”-ыг жил бүр зохион байгуулж байна.

  • Сэтгэх чадварын улсын олимпиадын үеэр бүтээлч багшийн уралдааныг тогтмол зохион байгуулах болсон нь багш нарын дунд сурагчдын оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэхдээ бүтээлч, судалгаа шинжилгээнд суурилсан хандлагыг төлөвшүүлжээ. Мөн сэтгэх чадварыг үнэлэх, хөгжүүлэх чиглэлээр 5000 гаруй багш нарт сургалт явуулж, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулж байна.

 

  • 2006 онд Япон улсын Токай Их Сургуультай хамтран “Хүний оюун ухааныг нөхцөлдүүлэгч геном” шинжлэх ухааны төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 

  • 2007-2008 хичээлийн жилээс эхлэн “Сэтгэх чадварын намрын сорилго”-ыг жил бүр тасралтгүй зохион байгуулж байна. Энэ нь оролцогчдын тоо, хамрах цар хүрээгээрээ улсын хамгийн том сорилго, үнэлгээ болсон юм. 2019 оны үнэлгээнд 87000 гаруй сурагч оролцсон. 

  • Сургалтын болон үнэлгээний өгөгдөлд тулгуурлан сурагчдын сэтгэх чадвар болон бүтээлч сэтгэлгээний чиглэлээр олон судалгааг гүйцэтгэж, үнэлгээний таксономийг боловсруулав. 

  • 2009-2010 онд Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого, улмаар “Боловсрол” үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулахад манай хамт олон тэргүүлэн оролцов. Ингэснээр Монголын боловсролыг оюунжуулах, олон улсын тэргүүлэх боловсролын тогтолцоонд шилжих суурь тавигдав.

  • Нийслэл, орон нутгийн 50 гаруй сургуулиудад сэтгэх чадварын кабинетыг байгуулав. 

  • Оюуны чадварын IQ төв, Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА), Үндэсний Статистикийн хороонууд хамтран 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Математик, статистик загварчлалын улсын уралдаан”-ыг жил бүр зохион байгуулж байна.

  • 2017, 2018 онуудад ММБА-тай хамтран “Ирээдүйн Мянгат” математикийн уралдаант үнэлгээг орон даяар зохион байгуулсан.

  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хөгжүүлэлтийн чиглэлээр топ татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, Төрийн Албаны Зөвлөлтэй хамтран ажиллаж байна. 

  • Олон улсын сурагчдын дунд зохион байгуулагддаг гүнзгий тунгаан бодохуй (critical thinking) болон бүтээлч сэтгэлгээний чиглэлээрх Олон Улсын Ирээдүйн Асуудал Шийдвэрлэх Хөтөлбөр (Future Problem Solving Program International-FPSPI) хэмээх нэр хүндтэй уралдаант хөтөлбөрт хамрагдаж, Монголын сурагчдыг энэхүү хөтөлбөр, уралдаанд оролцуулах бэлтгэл ажлуудыг хийж байна. Энэ тэмцээн, хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээний чадваруудаа олон улсын, үе тэнгийн шилдэг сурагчидтай сорин өрсөлдөх боломжтой боллоо. 

  • 2020 онд Дэлхийн Паззлын Холбоонд (World Puzzle Federation-WPF) албан ёсны гишүүнээр элсэв. Ингэснээр цэвэр логикт суурилсан, олон улсад нэр хүндтэй Паззлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголын сурагчид, залуу үеийнхэн оролцох үүд нээгдлээ.

bottom of page