Логик паззлын 31 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай
Дэлхийн Пазлын Холбоо (World Puzzle Federation энд дарж мэдээлэл авна уу.) нь паззлын холбооноос Логик паззлын 31 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Монгол Улс Дэлхийн Пазлын Холбоо (World Puzzle Federation)-нд элссэн тухай.
Оюуны чадварын IQ төв 2020 онд Дэлхийн паззлын холбоонд (ДПХ - World Puzzle Federation) Монгол улсыг төлөөлөн албан ёсны 40 дэх гишүүн орноор элссэн. ДПХ нь логик паззл буюу тааварт бодлого сонирхогчдыг холбох, логик паззлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, энэ салбарт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг дэмжих зорилгоор 1992 онд байгуулагдсан олон улсын нийгэмлэг юм. Өдгөө тус холбоонд 42 улс албан ёсны гишүүнээр элсэж, Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 30 удаа 18 улсын 28 хотод амжилттай зохион байгуулсан байна. ДПХ-д Монгол улс элссэнээр монголын паззл сонирхогчдод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цэвэр логик сэтгэлгээгээ орон орны шилдгүүдтэй сорин өрсөлдөх боломж нээгдсэн юм. Монгол Улсын логик паззл сонирхогчид Польш улсын Краков хотод зохион байгуулагдсан 29 дэх удаагийн, Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан 30 дахь удаагийн Логикийн паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.
Логик паззлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний тухай.
Оролцогчдын хэл, соёл, мэдлэгийн зөрүүнээс үл хамаарах, зөвхөн ЦЭВЭР ЛОГИК (pure logic) сэтгэлгээ шаардах пазл буюу тааварт бодлогуудыг гүйцэтгэн өрсөлдөх зорилготой тус тэмцээнийг Дэлхийн Пазлын Холбооноос анх 1992 онд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулжээ. Тэмцээнд ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчид оролцох боломжтой бөгөөд ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлддөг. Тэмцээнд дэлхийн олон орны паззл сонирхогчид болох логикчид, математикчид, хуульчид, аналистууд, инженерүүд, програмистууд, код шифр тайлагчид зэрэг олон мэргэжлийн төлөөллүүд, ЕБС-ийн сурагчид өрсөлдөж, оюун ухаанаа сорьдог ажээ.
31 дэх удаагийн Логик паззлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний тухай.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Pinggu дүүргийн Grand Metro Park Hotel Jinhai Lake Beijing -д 2024 оны 10 дугаар сарын 16-наас 20-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тэмцээний албан ёсны веб сайт руу ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
31 дэх удаагийн Логик паззлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын багийн тухай.
Оюуны чадварын IQ төвөөс 31 дэх удаагийн шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн гишүүдийн шалгаруулах зорилгоор 2024 оны 3-аас 5 дугаар сард Олон улсын логик паззлын уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан билээ.
2024 оны Олон улсын Логик паззлын уралдааны нэгдүгээр шатанд Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 7300 гаруй логик паззл сонирхогчид оролцож өөрсдийн оюун ухаанаараа өрсөлдсөн юм.
2024 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд нэгдүгээр шатнаас шалгарсан 193 оролцогч хоёр дугаар шат буюу Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн юм. Улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2 өдөр, 5 цагийн хугацаанд 3 раундын 31 логик паззл бодож оюун ухаанаараа өрсөлдөн ДАШТ-д Монгол улсыг төлөөлөн оролцох багийн 8 гишүүнийг шалгаруулсан билээ.
ДАШТ-д Монгол улсыг төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн.
А баг: Б.Золбаяр, А.Оюун-Эрдэнэ, Г.Энхбаясгалан, Б.Пүрэвжаргал
B баг: З.Хишигдалай, О.Энхтүвшин, Б.Жаргалхүү, Ж.Ганхүрэл
31 дэх удаагийн Логик паззлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний Instruction Booklet-н тухай.
Instruction Booklet гэж юу вэ?
Жил бүрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан болон багийн төрлийн зохион байгуулагдах журам, дүрэм, логик паззлын нэр томьёо, раундын тоо, раунд тус бүрийн логик паззлын төрлүүд, тэдгээрийн жишээ бодлого зэргийг агуулсан товхимлыг хэлдэг.
Логикийн паззлын 31 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Instruction Booklet-г 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагчдын зүгээс тэмцээний албан ёсны веб сайтад байршуулсан байна.
Энэхүү тэмцээнд оролцогчид 3 өдөр, 21 цагийн хугацаанд 21 раундын нийт 317 логик паззл бодож оюун ухаанаа уралдуулна.
Тэмцээний эхний 2 өдөр ганцаарчилсан төрлийн 14(1-14) раундын 219 логик паззлыг 14 цагийн хугацаанд бодож өрсөлдөнө.
Сүүлийн өдөр багийн төрлийн 4(A, B, C, D) раундад 74 логик паззл мөн ганцаарчилсан төрлийн финалын 3(X, Y, Z) раундад 24 паззл бодож өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулах юм.
Логик паззл сонирхогч, логикоо хөгжүүлэх хүсэлтэй та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.