top of page

Хэл - Сэтгэхүй - IQ

ХЭЛ - СЭТГЭХҮЙ - IQ

ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ                                                                                                     

May 05, 2012  |  Админ

Монгол Улсын Оюуны чадварын IQ төвийн тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл.
 

                                                       2001 он, Өдрийн сонин №168

Манайхан хэл, сэтгэхүй хоёрыг хооронд нь ялгаж, салгаж ойлгоод байх шиг. Ялгаатай юу гэвэл ялгаатай, нэг нь хэл, нөгөөх нь сэтгэхүй, гэхдээ маш гүнзгий холбоотой төдийгүй бараг нэг юмны хоёр тал гэж хэлж болно. Хэлээр дамжиж сэтгэнэ. Хэл бол сэтгэхүйн эрхтэн. 
Эрдэмтэд олон гадаад хэл эзэмшихийг нэг цоожинд таарах олон түлхүүртэй адилтгадаг. Гадаад хэл, тэр тусмаа англи хэл эдүгээ гойд чухалд тооцогдож байна. Гэхдээ үүнийг туйлшруулж, хэтрүүлж болохгүй. Учир нь та цоожоо нэг л түлхүүрээр нээнэ, өөрөөр хэлбэл нэг л хэл дээр сэтгэнэ гэсэн үг. Хүний тархи хоёр хэл дээр зэрэг сэтгэнэ гэж байхгүй, хэрэв тэгж чадаж байвал тэр хоёрын аль нэг нь заавал оновчтой байна. Яагаад гэвэл тэр хүн аль нэг хэлийг нь илүү эзэмшсэн байдаг. Эндээс эх хэлний тухай яриа өрнөнө. Эх хэл гэдэг нь тухайн хүний хувьд эхэлж сурсан, анхлан сэтгэж эхэлсэн тэр хэл юм. Монголчууд бидний хувьд монгол хэл нь эх хэл болой. 

Хүн эх хэл дээрээ л голдуу сэтгэдэг, арга ч үгүй биз, эхэлж сурсан хэл гэдэг тухайн тархины хувьд түрүүлж сэтгэж сурсан үүд хаалга юм. Гүн сэтгэдэг хүмүүс эх хэлэндээ л гарамгай сайн байдаг, тэр ч бүү хэл ийм хүмүүс өөр гадаад хэлэнд төдий л сайн байгаагүй жишээ элбэг бий. Бодвол тэд бусад хэлийг сэтгэх хэрэгсэл бус, мэдээлэл олж авах утгаар л ашиглаж байсан биз. Энэ нь ч зөв юм.
Карл Марксын эх хэл нь герман. Тэрээр Лондонд 40-өөд жил амьдарсан. Герман гэхээсээ илүүтэй англи болсон нэгэн, гэтэл сэтгэхдээ, бас бичихдээ эх хэлээ л өмнөө барьдаг байв. Тэр “Капитал” зохиолоо герман хэлээр бичсэн. Ф.Энгельс Марксыг бодвол илүү олон гадаад хэл мэддэг байсан. Гэхдээ Маркст хүрч гүн сэтгэж байгаагүй. Ф.Энгельс “Маркс маань дэндүү гүн сэтгэнэ, би бараадах” гэжээ. Буало Никола “Тод сэтгэсэн хүн тод өгүүлдэг” гэсэн бол Л.Толстой “Тодорхой биш үг бол тодорхой бус бодол сэтгэлийн тод шинж мөн” хэмээжээ. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрын шууд холбоог өгүүлж буй санаа.

Хэл үгүй бол сэтгэлгээ үгүй. Сэтгэлгээ үгүй бол хүн биш болно. Эх хэлээ ямар төвшинд эзэмшинэ, яг тийм төвшинд сэтгэнэ. Эндээс эх хэлээ эзэмшихийн тулгуур ач холбогдол тодорно. Хэлийг сэтгэх соёл дагана. Соёлгүй, бүдүүлэг харьцаатай хүн байдаг шиг соёлгүй сэтгэдэг, болхи сэтгэлгээтэй хүн таардаг.
Энэтхэгт хэлд ороогүй хоёр хүүхдийг өлөгчин чоно үүрэндээ аваачиж өсгөснийг хожим нь хүмүүс олж Амала, Камала нэр өгч, хэл зааж, хүн болгох гэж оролдоод дийлээгүй гэдэг. Энэ хоёр хүүхэд гаднаасаа хүн дүрстэй боловч мөн чанараараа хүн биш юм. Тэдний эх хэлээ эзэмших цаг нь өнгөрсөн учраас хэл сураагүй бөгөөд ингэхлээр сэтгэх чадвараа алдаж IQ=0 болжээ. Уншигч та Амала, Камала хоёр бидэнд ямар хамаатай юм гэж бодуузай. Тун их хамаатай, яагаад гэвэл тэдний хойд дүр бидний дунд өсөж торниж байна. 

Эх хэл дээрээ дөнгөн данган эхэлж сэтгэж сурч байтал нь хоёр гурван гадаад хэл хажуугаас нь зэрэг орчихоор тэр хүүхдийн сэтгэлгээ саатчихна. Учир юу вэ? гэвэл хүүхдийн тархи нэг төвшинд хэсэг үг тогтоох, нэг үгийг олон хэлээр цээжлэх үйл ажиллагаанд хамаг эрчмээ зарцуулахад хүрнэ. Ийм үед сэтгэлгээ нь гүнзгийрэхгүй, оновчтой сэтгэж сурахгүй, харин ч олон хэлний үгс холилдож манан будан болж, барьц алдана. Барьц алдсан бөх унадаг нь жам байдаг шиг барьц алдсан сэтгэлгээ мөлийж, мохно. 


Өөрөөр хэлбэл сэтгэлгээ нь хомсдолын өвчинд автана. Ийм хүүхэд өнгөц сэтгэдэг, хэлбэр хөөцөлддөг, холын хүний харь санааг ямар ч бодлогогүйгээр хуулбарлан дуурайдаг, бусдын ятгалгад автамхай, хөнгөмсөг араншинтай болсон байдаг. Ингэж багаасаа хатангиршиж хомсдолд автсан оюун ухааныг дахин сэргээх боломж бараг үгүй.

Хэл бол тухайн хүнийхээ хувьд сэтгэх чадвараа нэмэгдүүлэх чухал хэрэгсэл. Гэхдээ хэлтэй болгон сэтгэх чадвар сайтай байдаг уу? гэвэл бас тийм биш. Монголчууд бидний дунд мунхаг хүн байдаг шиг англи эх хэлтэй тэнэгүүд бас тааралдана. Өөрөөр хэлбэл зайлшгүй нөхцөл болохоос хүрэлцээтэй нөхцөл биш юм. Иймд хүүхдийг багаас нь эх хэл дээрээ зөв цэгцтэй сэтгэдэг болгох нь маш чухал.
Хэлэнд аялга, дуудлага, үг, үе, өгүүлбэр хоорондын зай гэж лут технологи бий. Энэ технологийг эзэмших нь маш хэцүү, зарим хэлэнд ерөөсөө бүр анхнаасаа эх хэл болгосон хүн л эзэмшдэг явдал ч бий. Жишээ нь англи хэлийг кембридж аялгаар нь эзэмшье гэвэл тэр хүн Лондоны “элит” давхаргад төрсөн нөхцөлд л боломжтой. Манай хэлний зарим нутгийн аялгуу ч ийм байдаг.   

Гадаад хэл чармайн сурч, улмаар судалж, багагүй амжилтад хүрсэн хэл судлаач эрдэмтэд манайд цөөн бус. Тэд эцэстээ нэг л овоон дээр очдог байх юм. Овооны нэр нь монгол хэл. Энэ юуных вэ? Хэлэнд ир гэж бий, ир ирэндээ торгон ир. Мохоо мөлгөр, гөлгөр ир хаа ч байх. Энэхүү торгон ир нь оргил сэтгэлгээний тусгал, илрэл болдогт хамаг учир буй. Зохиолчид торгон мэдрэмж, торгон сэтгэмж гэж ярьдаг даа. 
Сэтгэлгээгээ торгон үгээр илэрхийлнэ гэдэг ухаан. “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа суунаглана” гэж Д.Нацагдорж бичсэн. Нүднээ харагдтал бичнэ гэдэг бол авьяас. Д.Нацагдоржийн энэхүү авьяас нь герман, орос хэлээр бус чухамхүү эх монгол хэлээр илэрчээ. Хүн гадаад хэлийг хэдий чинээ сайн сурна, тэр хэмжээгээр эх хэлнийхээ яруу баялгийг мэдэрч, хамгаалж хөгжүүлэхийг эрмэлздэг аж. Энэ бол тэр хүний тархи эрүүл байгаагийн шинж.

Хэл сэтгэхүйн хүрээнд авч үзвэл гадаад хэл сурах нь зорилго биш юм. Хэл сурна гэдэг сэтгэх хэрэгсэлтэй болж буй хэрэг. Зорилго бол сэтгэхэд, тэр тусмаа торгон иртэй сэтгэж, түүнийгээ үгээр илэрхийлэх. Зорилго арга хэрэгсэл хоёрыг хольж хутгаж болохгүй. Нэн ялангуяа хэрэгсэлээ зорилго болгож бүр ч болохгүй. Гадаад хэлийг боловсролын болон харилцааны хэрэгсэл гэж үзэх нь элбэг бөгөөд даяаршиж буй өнөө цагт дор хаяж нэг гадаад хэл эзэмших шаардлагатай болжээ. Харин гадаад хэл сурахдаа насны хүчин зүйлийг гойд анхаарах учиртай.     

Хүүхдийг багаас нь олон хэл дээр зэрэг сэтгэдэг болгоно гэж хамаагүй оролдвол балчир уураг тархины сэтгэх чадвар төлөвшиж амжилгүй сарнин замхарч мэднэ. Эх хэлээ эзэмшиж амжаагүй, үгийн нөөц цөөн байхад өөр гадаад хэлний үгс орж, сэтгэх өөр хэв маяг хутгалдаад эхэлбэл холион бантан болдог нь Монголын 70-80 аад оны боловсролын туршлагаар батлагдсан гэж хэлж болно. Хүчирхэг улсын хэл соёлыг дагаж үсчин сарвалзаж амьдардаг ядуу буурайн зовлонгоор хаацайлж болох ч гэлээ бид өөрсдөө ухаалаг байх учиртай.


Буурай үндэстэнг буурьтай ухаан л аварна.

bottom of page