Сэтгэх чадвар хөгжүүлэх хөтөлбөр олон улсад

 
ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ                                                                                                     

Sep 26, 2017  |  Админ

Бүх шатны сургуулийн тэргүүлэх хичээл нь  оюун ухаан, сэтгэн бодохуйн хичээл байх ёстой.  Ингэхгүй аваас  хүүхэд хичээлдээ асуултын тэмдэг  ( ? ) шиг ирээд, цэг ( . )  болж харина. 
(Сүүлийн 100 жилд  боловсролын талаар гарсан хамгийн сайн ном  гэгдэж буй “Суралцахуйн хувьсгал” номын зохиогч Гордон Драйдэн.)

ЕБС-д өмнөх жилүүдэд мэдлэг зааж байсан, энэ нь хүүхдийн оюун сэтгэлгээнд нөлөө бага, багш, сурагч хоёуланд нь их амар байв. Гэтэл XXI зуун гарч, шинэ цагийн шаардлагын дагуу үндсэн чадварууд, тэр тусмаа сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх чадварыг хүүхэд бүрт эзэмшүүлэх боловсролын  зорилгод шинэ сорилт тулгарах болов. Сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх чадварууд нь сурагчдад өөрөө аяндаа бүрдэхгүй бөгөөд түүнийг тусгайлан боловсруулсан арга хэрэгслийн тусламжтайгаар хэрэгжүүлбэл үр нөлөөтэй болохыг өндөр хөгжилтэй орнуудын туршлага нотолжээ.

 

1980-аад оны сүүлээс үеээс Англи, Израйль, АНУ, Финланд зэрэг орнууд сургалтын хөтөлбөртөө сэтгэх чадварыг хөгжүүлэх бие даасан зорилт тавьж, улмаар математик, байгалийн ухаан, хүмүүнлэг, хэл, уран зохиолын хөтөлбөртөө шинэчлэл хийсэн байдаг. Ингээд эдгээр орнуудын багш нар сэтгэх чадварыг бүх хичээлээр хөгжүүлэх, багш бүр сургалтын үйл ажиллагаандаа сэтгэх чадварын элементүүдийг багтаах шаардлагатай болсон байна. 

 

2000-аад оны эхэн үеээс сэтгэх чадварыг олон төрлийн хичээл сургалтын явцад хөгжүүлэх энэхүү хандлагад хэд хэдэн дутагдал байгааг судлаачид тогтоожээ. Сэтгэх чадвар бол хялбархан хөгждөг чадвар биш юм. Системтэй, тасралтгүй, бие даасан үйл ажиллагаагаар хөгжүүлбэл амжилтанд хүрэх боломжтой гэж судлаачид дүгнэсэн байна. Бусад хичээлүүдийн хавсрага байдлаар үргэлжилбэл сэтгэх чадвар хөгжүүлэх буюу хүний үндсэн чадварыг төлөвшүүлэх онц чухал ажил орхигдох эрсдэлтэйг ч онцолсон байдаг.

Улмаар сэтгэх чадварыг бие даасан хичээлээр хөгжүүлэх үйл ажиллагаа газар авч олон тооны бие даасан хөтөлбөрүүд бий болж эхэлсэн. Одоогоор АНУ-ын Нью Йорк, Калифорни зэрэг 10 гаруй муж болон Израйл, ОХУ, Сингапур улсад сэтгэх чадвар хөгжүүлэх бие даасан сургалтын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Эдгээрийн дийлэнх нь дунд сургуулийн үндсэн хөтөлбөрт, цөөн хэсэг нь хичээлийн дараах хөтөлбөрт багтаж байна.     

Сингапур улс боловсролын чанараар дэлхийд тун дээгүүрт жагсдаг бөгөөд үүний нэг нотолгоо нь олон улсын математик, байгалийн ухааны TIMSS шалгалтын дүн юм. 1995, 1999, 2003, 2007 онд энэ шалгалтаар сингапурын сурагчид хамгийн өндөр үнэлгээг авчээ. Боловсролын чанараар ийм өндөр түвшинд хэрхэн хүрснээ Сингапурын багш нар 1990-ээд оноос эхтэй боловсролын шинэчлэлийн ажилтайгаа холбон тайлбарладаг.
Тэд боловсролын шинэчлэлээ
Сэтгэгч сургууль /Thinking Schools/, Суралцагч улс /Learning Nation/ уриан дор Үндэсний боловсрол /National Education/, Сэтгэх чадвар /Thinking Skills/, Мэдээллийн технологи /Information Technology/ гэсэн үндсэн 3 зүйлд тулгуурлан хэрэгжүүлсэн ажээ. 


Олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээгээр Шанхай хот нь тогтмол эхний байруудад шалгарч байна. БНХАУ–ын БШУЯ “Оюуны хөгжил, сэтгэх чадвар, суралцах чадвар“-ын хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөндөө  “Ерөнхий хичээл. Хичээлээс гадуурх ажил” хэмээх  бүлэглэлд багтааж шийджээ.

Шанхай хотын ЕБС-иуд Сэтгэхүй хөгжүүлэх ажил, Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Сүвэгчлэн суралцах”  нэрээр эдгээр  хичээлүүдийг заадаг аж. Шанхай хотын ЕБС-н 1-5-р ангид анги тус бүрээр  7 хоногт 3-4  цаг (жил бүр 102-136 цаг) , ӨМӨЗО-д  1-6 ангид 7 хоногт  1  цаг, 6-9 ангид 7 хоногт 2 цаг  (нийт 350 цагийг)  орж байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB

Нэр *

Имэйл *

Сэдэв

Санал хүсэлт