Улсын Сэтгэх чадварын олимпиад зохион байгуулах дэд хороо
Улсын Cэтгэх чадварын XIV олимпиадад амжилттай оролцоцгооё!
Улсын Cэтгэх чадварын XIV олимпиад нь Оюуны чадварын IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачилгаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 14 дахь жилдээ явагдах гэж байна. Олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2016 оны 03 сарын 24-нд, III даваа нь 04-р сарын 29-30-нд Улаанбаатар хотод явагдана. “Улсын Cэтгэх чадварын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”
Нэг. Нийтлэг зүйл
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт
Олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн II-XII ангийн сурагчид оролцоно. Сурагчид анги алгасан орж болно.
Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрд, III даваа төвлөрсөн байдлаар тухайн хуваарьт газар зохион байгуулагдана.
Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, дүүргийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.
Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол соёлын газрын арга зүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
Олимпиадын I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг хийнэ.
Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь II-III, IV-V, VI-VII, VIII-IX, X-XI, XII анги гэсэн 6ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубийн эсвэл ММБА-ийн гишүүн багш байна.
Олимпиадын II даваа II-III, IV-V, VI-VII, VIII-IX, X-XI, XII анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд X-XI, XII гэсэн ангилалд түрүүлсэн 2 сурагч,тэргүүн байранд шалгарсан нэг бүтээлч багш оролцоно.
Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.
Гурав. Олимпиадыг дүгнэх
Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.
Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн Газрын урамшууллын тэтгэлэгт (төлбөрийн 100% хөнгөлөлт) хамрагдана.
Нэг: Ерөнхий зүйл:
Монгол хүүхдийн оюун сэтгэхүйг эрчимтэй хөгжүүлэн, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй, бүтээлч багшийг шалгаруулж, Улсын сэтгэх чадварын олимпиадад оролцуулахад энэхүү журмыг баримтална.
Зорилго: Сурагч багачуудын сэтгэх чадварыг бие даасан хичээлээр хөгжүүлэхийн тулд “Оюуны хөгжил-IQ”, Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” сургалтыг боловсронгуй болгон хүрээг нь өргөжүүлж, шинэ санаа, шинэ агуулгаар баяжуулж, түгээн дэлгэрүүлэхэд журмын гол зорилго оршино.
Шалгаруултад “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” зэрэг хичээлүүдийг заадаг сургууль, цэцэрлэгийн багш нар болон салбарын ажилтнууд орно.
Хоёр: Шалгаруулалтын зохион байгуулалт
“Бүтээлч багш”-ийн шалгаруулалт нь 3 даваатай.
Шалгаруулалтын I давааг сургуулийн комисс зохион байгуулж, II даваанд аймаг, дүүрэгт оролцох нэг багшийг шалгаруулна.
Шалгаруулалтын II давааг аймаг, дүүргийн “Сэтгэх чадварын oлимпиад”-ыг зохион байгуулах комисс зохион байгуулж, аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрээс нэг багшийг шалгаруулж, III даваанд оролцуулна.
“Бүтээлч багш”-ийн шалгаруулалтын бүх даваанд оролцож байгаа багш нар нь бүтээлийн үзэсгэлэн гаргана.
Гурав: Шалгаруулах ерөнхий шалгуур үзүүлэлтүүд нь:
Багшлах ажлын өндөр ур чадвартай, “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” хичээлийг албан ёсоор, журмын дагуу, үр дүнтэй явуулж өөрийн гэсэн туршлагатай болсон байх 0-4 оноо
Бүтээл нь оюун сэтгэлгээг бие даасан хичээлээр хөгжүүлэх буюу тусгай хичээл талаас нь авч үзсэн байдал 0-6 оноо
Бүтээлийн сургалтад ашиглах боломж 0-4 оноо
Шинэ санаа, шинэлэг байдал 0-6 оноо
Сурагч багачууд, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн хамт олны сэтгэх чадварыг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц тохилог орчин, анги кабинетыг бий болгосон, эсхүл оюун сэтгэхүйг хөгжүүлэх хичээлийг заах шинэ технологи боловсруулан хэрэгжүүлж байгаа 0-6 оноо
а) Хамтын бүтээл, бичсэн, орчуулсан ном хэвлэл, б) хичээлд aшигладaг хэрэглэгдэхүүн, зүйлс, шавь нарынх нь бүтээл, в) судалгааны ажил, г) оюун ухааныг дээдлэх үзэл санаа, үйл ажиллагааг нийтэд түгээсэн, сурталчилсан. Дээрх 4-ийн аль нэгийг нь тооцож үзэх 0-5 оноо
Дөрөв: Дүгнэх журам
Багш нарын бүтээлд сэдэв болон нэр төрөл заагаагүй бөгөөд шалгуур ерөнхий үзүүлэлтүүдийг сургууль, аймаг, дүүргийн хэмжээнд тохируулан нарийвчилж/найруулж/ шалгаруулалтыг явуулан аваргыг тодруулна.
III даваанд оролцож байгаа багш нарын тайлан үзэсгэлэнг “Сэтгэх чадварын улсын олимпиад”-ыг зохион байгуулах комисоос гадна үзсэн хүмүүсийн оноогоор шалгаруулж, 1-3 байр эзлүүлэн, Улсын сэтгэх чадварын олимпиадын аварга, дэд аварга цол өргөмжилж, алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр урамшуулж, туршлага, бүтээлч сэтгэлгээг нь түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах ажлыг хийнэ.
III даваанд багшийн шинэ санаа, шинэлэг бүтээлч байдлыг түлхүү харгалзан үзнэ.
Жич: III даваанд оролцох “Бүтээлч багш” нь оюун ухаан, сэтгэх чадварын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт, мэдлэгтэй, түүнийгээ бүтээлтэйгээ холбон тайлбарлах чадвартай байх ёстойг анхаарна уу.