Тархины талаар та       бид юу мэдэх вэ?

Тархины талаар та бид юу мэдэх вэ?

Энэ орчлон дээрх хамгийн төгс, хамгийн адармаатай, хамгийн цогц, хамгийн нууцлагдмал, хамгийн хүчирхэг тэр зүйл бол хүний уураг тархи мөнөөс мөн гэдгийг хэн ч, хаана ч  хүлээн зөвшөөрөх буй за.

Хувьслын загвар ёсоор ухаант хүн бид  45000 орчим жилийн настай. Шинэ зуун, шинэ мянганы заагт хүн төрөлхтөн хөгжлийн замналаа өөрчлөх хувьслын торгон ирмэгт тулаад байна. Хүний оюун ухаан 3,5 сая жилийн түүхийнхээ эхэн үед өөрөө өөрийгөө таньж, шинжлэн боловсруулж тэтгэх болжээ. Оюун ухаан ийнхүү өөрийгөө өөртөө хэрэглэх болсноор сэтгэлгээний уламжлалт хандлагаас илүү уян хатан, илүү хүчтэй арга замуудыг хөгжүүлж чадсан байна.

Зөвхөн сүүлийн хэдхэн зуунд хүний уураг тархины үйл ажиллагаа, бүтцийг судалж эхэлсэн. Энэ хугацаанд уураг тархины талаар олон тооны судалгаа, шинжилгээний бүтээлүүд гарсан боловч хамгийн сонирхолтой нь энэ бүхний 95 гаруй хувийг өнгөрсөн арван зургаан жилд хийсэн байна.

1990 онд АНУ-ын конгресс, Европын холбооны парламентийн шийдвэрээр ирж буй 10 жилийг (1990-2000) тархины 10 жил болгохоор шийдсэн юм. Уураг тархиныхаа талаар бүрэн танин мэдэхийн тулд хүн төрөлхтөн урт удаан замыг туулсан хэдий ч энэ 10 жилд үнэхээр үсрэнгүй амжилтууд гарч, эдүгээ бид тэр бүхнийг өөрчлөх хангалттай ихийг зүйлийг олж мэдсэн.
Хэдий ийм боловч одоог хүртэл эрдэмтэд тархийг “дэлхий дээрх хамгийн нууцлаг объект” гэж нэрлэсэн хэвээр байгаа. Тархинд явагдах сэтгэх үйл нь химийн урвал, соронзон бичил долгионууд, эсүүдийн тусламжтай явагддаг гэж мэдэгдэж байгаа боловч зөн совин, гоц мэдрэмжүүд хэрхэн явагддагийг сайн тайлбарлаж чадаагүй л байна. Зарим нэрт эрдэмтэд тархинд явагддаг процессууд квант шинж чанартай ч гэж үздэг.

Тархи судлалын бүх эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал нийлдэг. Хан боргоцойноос томгүй 1,5 кг жинтэй энэ супер компьютер хүн болгонд байдаг. Энэ гайхамшигт аварга компьютер юу чаддаг, яавал ажилладаг, яагаад супер гэж хэлэгдэж байгааг тайлбарлая.

Бидэнд тархи яг ямар анатомын бүтэцтэй нь чухал бус, харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал билээ. Тиймээс тархины сэтгэн бодох, сэдэх, санах, зэрэгт анхаарал хандууллаа.

Бор  гадарга

Энэ зурагт насанд хүрсэн хүний дундаж тархины эгц дээрээс болон баруун талаас нь авсан байдал харагдаж байна.

    * Доод тархи буюу уураг тархины суурь.
    * Тархины төв хэсэг
    * Дээд тархи
    * Бор давхарга гэсэн үндсэн 4 хэсэгт тархийг хувааж тайлбарлая.
      Доод тархи: Амьсгал, зүрхний цохилтын үйл явц зэрэг төрөлхийн олон инстинкт үйл явцыг удирддаг, мөн нугаснаас ирсэн мэдээллийг дээш нь дамжуулдаг.
      Төв хэсэг: Сэтгэл хөдлөлийг удирддаг ба тархины суурийг хүрээлж байдаг. Ихэнх мэдээллүд энд зангидагддаг.
      Дээд хэсэг: Сэтгэх, ярих, бүтээн туурвих чадварыг хариуцдаг хоёр тал бөмбөлгөөс бүрддэг. Тал бөмбөлөг тус бүр өөр өөр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийг өөр өөр арга хэлбэрээр боловсруулдаг.
      Тархины гадна хэсгээр бүрхэж байрладаг. 3 мм зузаантай 6 дэд давхраатай. Суутнуудын тархины бор давхарга энгийн хүнийхээс илүү аржгар, атираа ихтэй байдаг байна. Хэдий чинээ аржгар, атираа их байна тэр хэмжээгээр бор давхаргын талбай ихэснэ, тэр хэмжээгээр эсүүдийн тоо болон холбоос олширно...тиймээс л суут ухаантан хэмээн нэрлэгдэнэ.

Ертөнцийн зүй тогтол нь хамгийн бага гадаргад хамгийн их эзлэхүүн багтаахад тэмүүлэх жамтай байхад хүний тархины бор  гадаргын хувьд хамгийн бага эзлэхүүнд хамгийн их гадаргыг багтаах урвуу үзэгдэл ажиглагддаг. Энэ нь уураг тархины атираат тогтолцоо юм. Бор гадаргыг хоол тэжээлээр хангах, их хэмжээний эсүүдийг багтаах, давхарлаж үелэсэн хэсгүүдийн талбайг нэмэх үүнээс өөр оновчтой арга байхгүй. 
Тархи нь нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс (нейрон) нэг бүр нь компьютертай адил ажиллана. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Мөн нэг бүр нь маш нарийн төвөгтэй бүтэцтэй, наймаалжтай төстэй. Өөрийн гэсэн төв ба салаануудтай. Салаа хэсэг бүр нь холбоосын олон цэгтэй.

Дендрит-тэмтрүүл хэлбэртэй, мэдээллийг хүлээн авах, хадгалах, бусад эсүүдийнхээ дендриттэй холбогдох үүрэгтэй.
Аксон-мэдээлэл, дохио дамжих үндсэн зам. Мөн бусад эсүүдэд мэдээлэл дамжуулах үндсэн гаралт юм.
Эсийн цөм.
Аксоны үзүүр.


Бүх дендритүүд нь тархины хэсгүүдийг холбодог ойролцоогоор 900 миллиард глиаль эсүүдийн сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Глиаль буюу холбогч эсүүд маш чухал үүрэгтэй. Эдгээр глиаль эсүүд хэр зэрэг сайн хөгжсөн, хэр олон байгаагаас шалтгаалж таны сэтгэх хурд тодорхойлогдоно. Глиаль эсээ аль ч насны хүн хөгжүүлж болох нь туршилтаар батлагдсан.

Ялааны тархи 100 мянган эсээс
Хулганы тархи 5 сая эсээс
Сармагчны тархи 10 тэрбум эсээс
Дөнгөж төрсөн хүүхдийн тархи 100 тэрбум эсээс бүрддэг.

 

Нейрофизиологийн өвөг эцэг гэгддэг Чарлез Шеррингтон  ийнхүү дуу алдсан байдаг: 
“Уураг тархийг шидэт нэхмэлийн машин гэмээр. Нервийн эсүүдийн орооцолдон холбогдох гайхамшигт нэхээсийг бишрээд баршгүй. Хэрэв Тэнгэрийн Заадас сансрын бүжиг хийдэгсэн бол энэ нь яг түүнтэй агаар нэгэн бөлгөө”

Ганц эс л тоолшгүй цахилгаан химийн комплексээс бүрдсэн бичил өгөгдлийг боловсруулан дамжуулах асар хүчирхэг тогтолцоо байдаг. Микроскопоор харвал энэ эс хэдэн зуун сая тэмтрүүл бүхий аварга наймаалж гэсэн үг. 
Тархины бор гадаргад дундажаар 100,000,000,000 буюу  нэг зуун тэрбум эс бий.
Бүр нарийвчлан үзвэл тэдгээр тэмтрүүлүүд нь эсийн биеэс тал тал тийш салбарласан модны салаа мөчир мэт харагдана. Эдгээр салаа мөчрийг дендрит гэх ба харин эсийн биеэс арай урт нарийн утсаар холбогдсон мэт харагдах үзүүрийг нь аксон гэнэ. Аксон бол эсийн мэдээлэл дамжуулах гол гарц юм.

Зургийн тайлбар :

Нэг эс бусад эсүүдтэй холбогдож дохио, мэдээ (цахилгаан соронзон шинж чанартай) дамжуулж байгаа агшин.

Эсийн дендрит нь өөр эсийн аксонтой холбогдох бөгөөд энэ үед тэдгээрийн хоорондох синаптик зай үүснэ. Эсүүдийн хоорондын холбоос, синаптик зайн орчин, бат бөх байдал нь таны сэтгэх чадварыг тодорхойлно. Оюунаа хөгжүүлж, сэтгэлгээгээ шинэчлэж, шинэ зүйлд суралцах тусам эсүүдийн хоорондох холбоосууд нэмэгдэн бэхжиж байдаг.

Энэхүү үл үзэгдэх бичил ертөнц дэх дендритийн спин болон синаптик товчнууд нь бидний сэтгэх үйл явц дахь мэдээллийн үндсэн зөөвөрлөгч химийн бодисуудын нэгдлийг бүрдүүлнэ.
Нэг эсийн дендритийн спин(синаптик товч) нөгөө эсийн синаптик товчтой холбоост орох бөгөөд тухайн эсээр цахилгаан импульс тархах үед химийн бодисууд нь эсүүдийн хооронд дүүрсэн шингэн завсарт агшин зуур шилжих болно. Энэхүү завсарыг синаптик цоорхой  гэдэг.

Тухайн хүлээн авсан эсийн гадаргуунд “шургалсан” химийн бодисууд уг эсээр тархах импульсийг бий болгож энэ нь мөн л түүний зэргэлдээх эс рүү чиглэгдэх болно. (дээд талын зургийг үз.)
Үүнийг маш энгийн тайлбарлавал, синаптикаар урсан өнгөрөх биохимийн мэдээллийн урсгалын багтаамж, нарийн нийлмэл чанар нь үнэхээр бишрэм. Үүнийг нейро-сэтгэл зүйн хэлэнд “Niagara хүрхрээ” хэмээн нэрлэдэг.
Ганц эс секунд бүрд үлэмж олон тооны цэгээс дохио хүлээн авах бөгөөд тухайн эс секундийг хэдэн зуу дахин хуваахын хооронд орж ирсэн бүхий л мэдээллийг хоромхон зуур боловсруулж тохирох замаар нь буцаан илгээнэ.
Таны сэтгэн бодох явцад эсүүдийн бий болгодог холбоост замд тээглэх гол саад нь биохимийн болон цахилгаан соронзон эсэргүүцлүүд байдаг. Энэ үйл явц бол ширэнгэн ойд жим гаргахтай адил. Та сэтгэх арга барилаа хэдий хэр дасгаж дадлагажуулна түүний хэрээр таны сэтгэлгээний зам мөрууд цэвэршдэг байна. Түүний хэрээр нервийн эсүүдийн холбоос чангарч бэхжинэ.
Сэтгэн бодох, сэргээн тогтоох мэтийн тухайн өгөгдсөн дохио нь эсээс эсийн хооронд нэвтрэн өнгөрснөөр биохимийн цахилгаан соронзон замыг бий болгоно. Энэхүү эсийн холбоост зам нь санах ойд “мөр”-өө үлдээж, түүгээр танигдана. Орчин үеийн уураг тархи судлалд эдгээр санах ойн мөр буюу оюуны жим нь маш гайхалтай, зарим сонин дүгнэлтэд хүрсэн томоохон салбарын нэг болсон юм.

Нервийн эсүүдийн холбоос(санах ойн мөр) хэдий хэр олон, хэдий чинээ бат бөх байх эсэх нь тухайн хүний сэтгэлгээний ир, хурдыг тодорхойлдог.

Төрснөөс эхлэн хүүхдийн тархины эсүүд нь өөр хоорондын шинэ холбоосууд буюу синаптикуудыг секундэд 3 тэрбумаар нь бий болгож байдаг. Ялангуяа 0-3 насанд хүүхдийн тархин дахь эсүүдийн шинэ холбос хамгийн эрчимтэй явагддаг.Доорх зурганд 6 сартай хүүхдийг тодорхой хөтөлбөрөөр хөгжүүлж 24 сартай болох үед нь авсан зургыг харьцуулсан байна. Хүүхдийн оюуныг аль болох багаас нь хөгжүүлбэл үр дүнтэй гэдгийг Францын тархи судлаач нар баталсан. Эсүүдийн шинэ холбоосууд хүний мэдээлэл дамжуулах, сэтгэх хурдыг улам ихээр нэмэгдүүлдэг.

Зөвхөн нэг эс гэхэд өөр бусад 10000 гаруй эсүүдтэйгээ холбогдож чаддаг байна.  Тэгэвэл нэг бүр нь 10000 гаруй бусад эсүүдтэйгээ холбогдож чаддаг, тэгээд 100 тэрбум ширхэг эсүүдийн нэгдэл болсон уураг тархи хэмээх ийм аварга сүлжээн доторхи мэдээлэл тархах хурд, шинэ холбоос шинэ снаан үүсгэх боломж хэмжээлгшүй их юм. Таны нэг л эс гэхэд нээлт хийх, шинэ санааг ганцаараа үүсгэх боломжтой нь батлагдсан.

Эсүүдийн холбоос үүсэх боломжийн тоо нь Ертөнц дээрх атомын тооноос ч давна. Та үүнд итгэх үү? 
Тархины 10 эс авъя. Эсүүдийг байж болох бүх хувилбараар холбоход 3,628,800 төрлийн хослол үүснэ. 
Хэрэв 11 эс авбал үүсч болох хослолын тоо 39,916,800. 
Харин таны толгой доторх 100 тэрбум эсийг янз бүрээр хослуулан тооцож үзвэл хэд гарах бол?

Санах сэргээх

Xуулбарлагч төхөөрөмж болохын хувьд тархи бол юутай ч харьцуулшгүй илүү юм. Та болж өнгөрсөн ямар нэг зүйлийг санахгүй байгаа гэдэг бол яг үнэндээ та тархинаасаа тэр мэдээлэлийг олж чадахгүй байна гэсэн үг. Тархи бол өөр рүүгээ орж ирсэн бүх мэдээлэл өгөгдлийг хадгалах чадвартай. Хэрэв таныг мэддэг бүх бөөрөнхий хэлбэртэй зүйлсээ хэл гэвэл алим, зүрж, бөмбөг, усан үзэм зэргийг та ой тогтоолтынхоо “бөөрөнхий зүйлсийн модноос” сугалан авч нэрлэнэ. Тархи ингэж номын сан шиг мэдээллийг төрөлжүүлж байдаг. Хэрвээ бидний уураг тархи “тайвширсан анхаарлын” нөхцөл байдалд байгаа бол бид мэдээллийг хавьгүй хурдан, үр дүнтэйгээр “шингээж авч” чадна хэмээн олон судлаачид дүгнэж байна. 1998 оны 10 сарын 2-ны өдрийг ихэнх монголчууд сайн санаж байдаг байна. Тэр өдөр С.Зориг агсан нас барсан болхоор бидний ой ухаанд тэр үйл явдал үлджээ. Ямар нэгэн баярт үйл явдал, эсвэл гэнэтийн үйл явдлыг тархи хадгалаад, дараа нь маш сайн сэргээж чаддаг байна.


Давтах, үр дүнтэй аргууд, бодлого тестүүдээр тархиа тасралтгүй дасгалжуулах нь эсүүдийн хоорондох холбоосыг улам чангаруулж, синаптик холбооны зай ойртож ингэснээр цахилгаан химийн дохионууд эсүүдийн хооронд улам сайн дамждаг. Таны амжилт олох эсэх нь тархитай шууд холбоотой, харин сайн юмуу муу тархины үндсэн ялгаа нь эсүүд, тэдгээрийн холбоос, синаптик зай, глиаль эсээс хамаардаг. "Үргэлж хэрэглэгддэг түлхүүр гялалзаж байдаг" гэж Б.Франклины хэлснийг санаж яваарай.

Тархи энергийг үндсэндээ хоол хүнснээс авдаг. Насанд хүрсэн хүний хувьд тархины жин нь биеийнх нь жингийн дөнгөж хоёр хувь орчмыг эзэлдэг. Гэвч тархи нь өөрийн бие организмын ялгаруулж байгаа энергийн 20 орчим хувийг зарцуулдаг байна. Тархийг ажиллуулахын тулд хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд зайлшгүй чухал. Тархиг нэрлэхдээ "уураг" хэмээх үгийг оржуулж байгаа нь шалтгаантай. Уураг нь нүүрс ус, өөх тос гэх мэтийн өөр бусад олон бодисуудаас тархины хамгийн гол тэжээл юм. Тийм ч учраас тархи судлаач нар загас, далайн байцаа, түрс, адуу болон үхрийн мах, мөн ангийн махыг тархины хоолоор нэрлэж байна. Хэрэв уураг тархийг чанар муутай, эрүүл бус хоол хүнсээр хангаад байвал ажиллагаа нь сулардаг. Иймээс хэрэглэж байгаа хоол хүнсээ сайжруул. Тэгвэл таны “байгалийн компьютер” тун сайн ажиллах болно. Таны тархинд ямар мэдээлэл орно, та тийм л болно. Таны тархи юу иддэг вэ, та өөрөө тэр л зүйл болно.  “Хэрэглэгдэхгүй байгаа зүйл мууддаг, тэгсгээд хаягддаг” хэмээх үнэн үг нь хүний, тархинд ч хамаатай. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB

Нэр *

Имэйл *

Сэдэв

Санал хүсэлт